You are here: Home

АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтоны номын Өмнөх үг

И-мэйл Хэвлэх PDF

НЭГЭН ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ:
АНУ- МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, 1987-2012

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоны хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан бичсэн "A most helpful factor: U.S.-Mongolia diplomatic relations, 1987-2012" буюу “Нэгэн чухал хүчин зүйл: АНУ – Монгол Улсын дипломат харилцаа 1987-2012” хэмээх шинэ ном худалдаанд гарлаа. Тус номыг “Монголын Их Хатадын нууц товчоо” , ”Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиогч, эрдэмтэн Жак Уэтерфордын нэрэмжит сангаас эрхлэн хэвлэлтэнд гаргажээ. Эрдэмтэн Жак гуай Өмнөх үгэндээ "Алун гоо эхийн эвийн таван сумны нэгэн адил сонирхолтой домгийг " өгүүлсэн болно.


ӨМНӨХ ҮГ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс бол өөр өөр зуунд сэргэн мандсан орнууд билээ. Хэдийгээр газарзүйн байрлал Монгол Улс, АНУ-ыг түүхэн цаг хугацааны туршид алс хол тусгаарлаж байсан ч орчин үеийн технологиор дамжуулан ардчилсан үзэл, хөгжил дэвшлийн төлөөх итгэл үнэмшилээ харилцан солилцсон хөрш зэргэлдээ орнууд болгожээ. Элчин сайд Жонатан Эдлтоны бичсэн энэхүү ном сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөө тус хоёр орон хэрхэн хамтран түншилж байгаа тухай мэдээ баримтыг дэлгэн харуулна.

 

Монголын олон зуун шилдэг залуус АНУ-д сурч, амьдарсаар байгаагийн нэгэн адил олон зуун америк хүмүүс Монгол оронд сурч, ажиллаж, зочилсоор байна. Монголын хэд хэдэн ерөнхийлөгчид, ерөнхий сайдууд Вашингтон хотод айлчилж байсан бол АНУ-ын цөөнгүй тооны төрийн дээд албан тушаалтнууд Улаанбаатар хотноо зочилсон болно. Хорин таван жилийн турш өргөжин хөгжиж буй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар  баримттай мэдээлэл түүхчид болон оюутан залууст хэрэгтэй билээ.

 

Хөрш зэргэлдээ орнуудын адилаар өнөөг хүртэл харилцаж байгаа Монгол, Америкийн хамтын ажиллагаанд Элчин сайд  Жонатан Эдлтон чухал үүрэг гүйцэтгэсэн. Элчин сайдаар ажиллахаасаа өмнө эдийн засгийн болон соёлын хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлж, элчин сайдаар томилогдсоноосоо хойш хоёр орны харилцааг өргөжүүлэхэд ихээхэн тус хүргэсэн бөлгөө. Жонатан Эдлтон гэр бүлийнхээ хамт  Монгол орны өнцөг булан бүрийн монгол хүмүүстэй уулзаж танилцахаар Монгол орноор олонтаа аялсан ажгуу. Монгол Америкийн харилцааны талаар өөрийн мэдлэгээ Вашингтон хотын Цагаан ордноос Монголын хөдөөгийн малчин ардын гэрт зочлохдоо тэрээр тэлж мэдэрсэн хэмээнэ. Түүхэн үйл явдлуудын гэрч тэрээр ХХI зуунд хамтран нөхөрлөх Монгол, Америкийн харилцааг ойртуулж буй чухал хүмүүсийн нэгэн билээ.

Хоёр улсын хоорондын харилцааны талаар  ном бичсэнээрээ  Элчин сайд Жонатан Эдлтон түүхэнд чухал хувь нэмэр оруулж байна. Монгол Америкийн түүхийн талаархи мэдлэгийг нь, хоёр орны тусын тулд Монгол орныг хэрхэн хүндэтгэж, талархаж явдагийг нь түүний бичсэн ном харуулна.

1787 оны зуны нэгэн өдөр арван гурван муж улсын хурлын төлөөлөгчид шинээр тогтсон Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг боловсруулан хэлэлцэхээр Филаделфиа хотод хуран цугларчээ. Төлөөлөгчид өөр хоорондоо байн байн маргалдаж, нэгэн нэгэнтэйгээ санал зөрөлдөж байлаа. Харин тэгтэл насаар ахмад, хүндлэл хүлээсэн хүмүүсийн нэгэн Бенжамин Франклин хуралд суусан олонд хандан үгээн хэлэхээр суудлаасаа босов. Олон мужийн төлөөлөгч нарт  эртний нэгэн домгийн тухай ингэж тэрээр ярьж өгсөн гэнэ. “Омгийн ахмад настан буурал нэгэн сумыг залуу эрд өгөөд хугалаад хаяхыг даруй хүсчээ. Залуу эр ч  дор нь хугалав гэнэ. Харин тэгтэл өвгөн буурал багц сумыг залуу эрд өгөөд хугалаад хаяхыг ахин хүсчээ. Залуу эр даан ч чадсангүй гэнэ.” Ингээд Франклин төлөөлөгчдөд хандан “Хэрвээ муж улсууд дангаараа байвал түүний адил хэврэгхэн байна. Харин муж улсууд нэгдэж чадвал үүний адил хэзээ ч үл нугарна” хэмээн учирлажээ. Бенжамин Франклины үгийг сонссон эрхэм төлөөлөгчид өөрсдийн зөрүүтэй үзэл бодлоо ялж, муж улсуудаа хамтран байгуулсан гэнэ. Бенжамин Франклины хэлснийг хүндэтгэн америкийн ард түмэн арван гурван сумыг багцлан атгасан бүргэдийн зурагтай Төрийн тамгаа бүтээжээ. Арван гурван сумыг багцлан атгасан бүргэдийн зургийг америк нэгтийн долларын дэвсгэртээс харж болно.

Эвийн хүчийг өгүүлсэн ийм нэгэн домгийг монгол хүн бүр мэддэг. Америкийн Нэгдсэн Улс үүсэн байгуулагдахаас хэдэн зууны өмнө Алунгоо эх өөрийн таван хөвүүддээ болон монгол хүн бүрт зориулан эртний нэгэн домгийг анх ярьж өгчээ. Алунгоо эхийн эвийн таван сумны домог Монгол түмнийг нэгтгэн эх дэлхийн түүхийн хүчирхэг нэгэн үндэстэн болоход үнэхээр тусалсан юм. Үүний адил дээрх домог Америк түмнийг нэгтгэн шинэ эрин зууны хүчирхэг нэгэн үндэстэн болоход мөн адил тусалжээ.

Монголчууд, америкчуудын оюун санаа өөр хоорондоо хэрхэн ойр холбоотой байгааг багц сумны энэхүү домог харуулах билээ.

Өнөөдөр энэ ном хэвлэгдэн гарснаар Америк Монгол хоёр улсын ойр дотно харилцааны нэгэн шинэ хуудас нээгдэх болно хэмээн бид итгэж байна. Алунгоо эхийн багц сумны адилаар  бид хамтдаан байж бидний хойч үе хөгжин цэцэглэх болно.

Монгол Америк түмний найрамдал хамтын нөхөрлөлийг
Мөнх Хөх Тэнгэр үргэлж ивээх болтугай!

Өмнөх үгийг бичсэн Жак Уэтерфорд

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 5-р сарын 27, Ням гариг, 13:24 )