You are here: Home

АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтоны номын Оршил хэсгээс

И-мэйл Хэвлэх PDF

НЭГЭН ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ:
АНУ- МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, 1987-2012

АНУ-ын Элчин сайд Ж.Эдлтон тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойд зориулан "A most helpful factor: U.S.-Mongolia diplomatic relations, 1987-2012" буюу “Нэгэн чухал хүчин зүйл: АНУ – Монгол Улсын дипломат харилцаа 1987-2012” номоо бичсэн бөгөөд уг ном Интерном номын дэлгүүрт худалдаанд гарсан.
Номд өгүүлснээр "Одоогоос 150 жилийн буюу 1852 онд албан ёсны зөвшөөрөлтэй Америк иргэн Монгол газар зочлон ирж байсан нь Үндэсний архивын газрын сан нөмрөгт үлдсэн байна."
Мөн Үндэсний архивын газраас  эдгээр болон бусад олон баримтыг дэлгэн харуулсан сонирхолтой үзэсгэлэн зохион байгуулсан.
Тус номд зориулан эрдэмтэн Жак Вийдэрфордын бичсэн Өмнөх үгийг бид хүргэсэн бол энэ удаад номын Оршил хэсгийг толилуулж байна.

 

 

 

ӨМНӨХ ҮГ

ОРШИЛ

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

Нэгдүгээр Бүлэг: Эхэн үеийн харилцааны тухай

Хоёрдугаар Бүлэг: Дипломат харилцаа тогтоосон тухай

Гуравдугаар бүлэг: Ардчиллыг дэмжсэн тухай

Дөрөвдүгээр бүлэг: Хөгжлийн туслалцааны тухай

Тавдугаар бүлэг: Худалдааны харилцаа хөгжсөн тухай

Зургадугаар бүлэг: Аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай

Долдугаар бүлэг: Иргэд хоорондын харилцаа холбоог дэмжсэн тухай

Наймдугаар бүлэг: Ирээдүйг төсөөлөн харахад

ХАВСРАЛТУУД 

АНУ, Монгол Улсын хооронд байгуулсан гол гэрээ хэлэлцээрүүд, 1987 – 2012 он

Элчин сайдууд ба Албадын дарга нар, 1987 – 2012 он

АНУ болон Монгол Улсын хамтарсан мэдэгдэл, 2011 оны 6-р сарын 16

Монгол Улсын талаар АНУ-ын Сенатаас гаргасан тогтоол, 2011 оны 6-р сарын 17

ГОЛ ЭХ СУРВАЛЖУУД БОЛОН ЦААШИД УНШИХ НОМ ЗҮЙ 

ТАЛАРХАЛ 

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ 

TIMELINE

 

 

ОРШИЛ 

1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Вашингтон хотноо Төрийн Департментийн Гэрээ хэлэлцээрийн танхимд Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоох тухай баримт бичигт тус хоёр орны дипломат төлөөлөгчид гарын үсэг зурсан юм. Энэхүү үйл явдал Улаанбаатар болон Вашингтон хотод анхны Элчин сайдууд томилогдох, Элчин сайдын яамд шинээр нээгдэх эхлэлийг тавьжээ. Мөн энэ үйл явдал зөвхөн улс төрийн төдийгүй урлаг соёл, боловсрол, бизнес, хөгжил дэвшил, аюулгүй байдлын зэрэг бүхий л хүрээнд харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих хурдасгуур болсон билээ.

Хорин таван жилийн дотор АНУ, Монгол Улсын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрч хүч аван өргөжин тэлээд байна. Эдгээр болон бусад олон салбарт Монгол, Америкийн ард түмэн нийтлэг бодлого, нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд олонтаа уулзан учирч, бие биеэсээ суралцан, харилцан ойлголцож, хамтран ажиллаж байна.

Хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн ирээдүйг итгэл дүүрэн, найдлага төгс төсөөлөн харж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны эхний 25 жилийн ойг хүндэтгэн дурсаж, ёслон тэмдэглэхэд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс энэхүү номоо толилуулж байна. Бараг зуун жилийн өмнө бичигдсэн нэгэн дипломат албан илтгэлээс ишлэн “Нэгэн чухал хүчин зүйл хэмээн номын нэрийг оноосон. Энэ нэрийн зохиогч, Америкийн дипломатч А.Уэ.Феррин тухайн үеийн нэрээр “Пекин” хотноо АНУ-ын төлөөлөгчөөр сууж байсан бөгөөд Монголын нийслэл “Өргөө” буюу одоогийн Улаанбаатар хотод дипломат төлөөлөгчийн газар нээх талаар Төрийн Департментад санал оруулан илтгэл бичихдээ энэхүү үг хэллэгийг ашиглажээ. Хэрвээ Америкийн Нэгдсэн Улс Өргөө хотноо төлөөлөгчийн газраа нээвэл “энэ сайхан орны хөгжилд тустай нэгэн чухал хүчин зүйл” болохыг энэ бүхэн үнэхээр батлан харуулна хэмээн Вашингтон руу илгээсэн илтгэлдээ учир байдлыг тайлбарлан бичжээ. Ферриний бичсэн энэхүү бүтэн өгүүлбэрийн утга санаа хэтийн ирээдүйг урьдчилан зөгнөж, бүхэл бүтэн зуун жилийн дараа ч дахин давтагдан цуурайтсаар байна.

Хэдийгээр Ферриний хүсэл түүний амьд ахуй цагт биеллээ олоогүй ч номын хуудсанд хэдэнтээ давтагдах энэ өгүүлбэр нь Америк-Монголын харилцааны төлөө  олон олон америк хүмүүс, дипломат ажилтнууд, энгийн иргэд нэгэн адилаар чухам юуг эрмэлзэн хүсч байсныг цөөн хэдхэн үгээр дамжуулан илэрхийлнэ.

Америкчуудын хувьд Монгол орон бол гайхан биширмээр түүхтэй, өвөрмөц ёс заншилтай, үзэсгэлэнт байгальтай үнэхээрийн “сайхан орон” билээ. АНУ-тай хамтын үнэт зүйлсээ хуваалцаж, өөрийн бүс нутагт болон бусад улс оронд бодитой үлгэр дууриал үзүүлж буй  Монгол Улсыг Зүүн хойд Азийн бүсэд бодит “амжилтын түүх” бүтээх зорилгодоо итгэл төгс хүрэхийг олон америк хүмүүс чин сэтгэлээсээ хүсдэг. Эдгээр эрхэм үнэт зүйлс бол ардчилалд тууштай байх явдал хийгээд монголчуудын хүсэл эрмэлзлэл, мөн америкчуудын хувьд “амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргал эрэлхийх” эрхтэй хэмээн тусгаар тогтнолын тунхаглалд заасанчлан эрх чөлөөг эрхэмлэх явдал билээ.

Харилцааны бусад олон хэлбэрээр түүх өрнөж байна. Тухайлбал, 2007 онд Монгол Улс, АНУ-ын хоёр талын харилцааны 20 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү үйл явдлыг тохиолдуулан Монголын цахилгаан холбооны газраас шуудангийн хос марк гаргасан. Эхний марканд Сүхбаатарын талбайн хойморт Монгол Улсын Төрийн ордны өмнө хаан суудалдаа залран буй Чингис хааны сүрлэг том хүрэл баримал бүхий цогцолборыг дүрслэн харуулсан байна. Нөгөө марканд Вашингтон хотын Үндэсний хүрээлэнд эргэн тойрноос эрхэмсэг тодоор сүндэрлэн харагдах Ерөнхийлөгч Аврахам Линкольны гантиг чулуугаар урласан дурсгалын цогцолборыг онцлон үзүүлжээ.

Эдгээр марканд дүрсэлснээр, тус хоёр орны үндэсний удирдагчдын сүр хүч, эрх мэдлийг илэрхийлэн адил төсөөтэй байдлаар эзэн суудалдаа залран сууж буйгаараа энэ хоёр том баримал хоорондоо ихээхэн төсөөтэй. Огтхон ч адилгүй түүхэн хүмүүсийг буюу тус хоёр удирдагчийг дурсгалын марканд адилтган харуулсан нь Чингис хаан XIII зуунд Монгол туургатны эв нэгдлийг нэгтгэн бэхжүүлсэн түүхийг, түүний адилаар зургаан зуун жилийн дараа Абраам Линкольн “илүү төгс төгөлдөр холбоо”-г бүтээн байгуулахад оролцон туслаж АНУ-ыг нэгдмэл байлгахын төлөө  амжилттай тэмцсэн түүхийг бэлэгшээн онцолсон гэлтэй. Нэг нь тэртээ холын XIII  зуунд сүр хүчээ бадраасан эртний үндэстэн, нөгөө нь хожим ХХ зуунд дэлхийд хүчирхэгжин гарч ирсэн шинэ үндэстэн. Хэдийгээр өөр өөрийн түүхтэй, өөр өөр соёл иргэншилтэй,  олон мянган бээр хол орших агаад тэнгис далайгаар тусгаар авч Монгол Улс хийгээд Америкийн Нэгдсэн Улс ийнхүү байнгын харилцаатай болсон билээ.

Номын гарчгийг авч үзвэл, тэргүүн бүлэгт тухайн цагт дэлхийн хамгийн алслагдмал хийгээд хориотой газар орны нэг байсан, газрын зураг дээр алс хол зайтай орших “Гадаад Монгол” улсад 1860-аад оны эхээр адал явдал хайгчид, худалдаа наймаа эрхлэгчид зэрэг америк иргэд анх хөл тавьснаас авахуулан АНУ, Монгол Улсын эхэн үеийн түүхэн харилцааны өсөлт хөгжлийн тухай онцлон өгүүлнэ. Хоёрдугаар бүлэгт тус хоёр орны харилцаа холбоо тогтоох гэсэн “амжилтгүй оролдлогууд”, ”санаанд оромгүй өөрчлөлтүүд” зэрэг зарим үйл явдлууд, улмаар энэ бүхэн 1987 оны нэгдүгээр сард өндөрлөж харилцаа холбоо тогтоох, элчин сайдуудаа солилцох, элчин сайдын яамдаа нээх, хэвийн дипломат харилцаа тогтоох тухай гэрээ хэлэлцээр байгуулах болсон тухай нарийвлан өгүүлэх болно.

Дараагийн таван бүлэгт сүүлийн 25 жилийн турш Америк, Монголын харилцаа олон салбарт хэрхэн цэцэглэн хөгжиж буй талаар үнэлэн тодорхойлж өгүүлнэ. Ялангуяа, энэ номын “гол цөм”-ийг бүрдүүлэх эдгээр таван бүлэгт ардчиллыг дэмжих, хөгжил дэвшлийн төлөө түншлэх, худалдааны харилцааг тогтоох, аюулгүй байдлыг хөхүүлэн дэмжих, иргэд хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх талаар монголчууд болон америкчуудын оруулж буй олон арван хүчин чармайлтын талаар дурьдах болно.

Төгсгөлийн бүлэгт тус хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаархи ерөнхий дүн шинжилгээ, мөн ирээдүйн харилцааны хэтийн төлвийн тухайд өөрийн санал бодол, товч төсөөллөө оруулан бичлээ. Номын төгсгөлийн хэсэгт зарим нэг баримт мэдээллийг хавсаргасан болно. Эдгээр хавсралт мэдээллийн дотор сүүлийн 25 жилийн хугацаанд хоёр орны хооронд байгуулсан үндсэн гэрээ хэлэлцээрийн жагсаалт, мөн Цагаан ордон болон АНУ-ын Конгрессоос хамтын ажиллагаа, харилцан туслалцааны гол чиглэлүүдийг онцлон тусгаж гаргасан сүүлийн үеийн хоёр албан баримт бичгийг хавсаргасан.

Энэ ном олон зорилгод үйлчилж болох юм. Хэдий тийм ч, хамгийн гол зорилго бол урт удаан хугацааны хийгээд үргэлжлэн буй түүхийн харгуйд өрнөж байсан чухал үйл явдлын заримыг энгийн байдлаар тэмдэглэн бичиж, хадгалан үлдээх явдал байлаа. Тиймээс ч хэзээ нэгэн цагт басхүү олон бүлэг нэмэгдэн бичигдэх нь эргэлзээгүй юм. Эрдэм шинжилгээний бүтээлийн жишгээр бичээгүйн учир эх сурвалж, тайлбаруудыг зүүн оруулаагүй бөгөөд энэхүү номонд АНУ, Монгол Улсын харилцаатай холбоотой эхэн үеийн түүхэн дурсамжуудыг үүрд мартагдан балрахаас нь өмнө өрсөн тэмдэглэж дурдатган оруулахыг хичээсэн болно.  Номын төгсгөлд буй “гол эх сурвалжууд болон цаашид унших ном зүй” хэсэгт зарим сэдвээр илүү гүнзгий судлахыг хүссэн хэн бүхэнд зориулан ном зохиол, өгүүлэл, нэг сэдэвт зохиол, бусад эх сурвалжуудыг жагсаан хавсаргав.

Бичигдэн үлдсэн зарим эх материалыг шүүн нягталж үзэхийн хажуугаар хувь хүмүүсийн одоог хүртэл хаа ч нийтлэгдээгүй олон арван дурсамж, дурдатгалыг номондоо оруулсан. Тухайлбал, Монгол Улсад сууж байсан АНУ-ын өмнөх долоон Элчин сайдын дурдатгал, мөн Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан анхны монгол хүмүүсийн дурсамж байна.   Энэхүү түүхэн цаг хугацааны гэрч болж, 2001 оны наймдугаар  сараас 2004 оны дөрөвдүгээр сар хүртэл АНУ-ын ОУХА-ийн Төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж, 2009 оны арван нэгдүгээр сараас эхлэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын алба хашиж буйн хувьд өөрийн хувийн төсөөлөл, үзэл бодлоо зарим хэсэгт тусган оруулсан. Ямар нэгэн алдаа мадаг, эндүүрэл ташаарал байх аваас зөвхөн миний алдаа болно.

Нэгтгэн дүгнэж хэлэхэд, миний чин хүсэл бол энэ номоор дамжуулан АНУ, Монгол Улсын харилцааны эхэн үеийн түүхэн цаг хугацаанд хамтдаа туулсан зарим  чухал үйл явдлыг америк, монгол хүмүүст дурсан сануулах явдал юм. Энэхүү номонд дурдагдсан түүхийн талаархи илүү өргөн мэдлэг боловсрол Монгол Улс, АНУ хоорондын урт удаан хугацааны турш идэвхтэй, тасралтгүй өсөн өргөжиж буй өнөөгийн харилцааг бэхжүүлж, цаашид улам хөгжүүлэхэд тустай байх болно гэдэгт би итгэж байна.

Төгсгөлд нь хэлэхэд, энэхүү номонд өгүүлсэн үзэл бодол зөвхөн зохиогч минийх бөгөөд АНУ-ын Төрийн Департмент болон АНУ-ын Засгийн газрын үзэл баримтлалыг заавал илэрхийлээгүй болохыг тэмдэглэн хэлэх нь зүйтэй билээ.

 


АНУ-ын Элчин сайд Ж.Эдлтон тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойд зориулан “Нэгэн чухал хүчин зүйл: АНУ-Монгол Улсын харилцаа, 1987-2012” номоо бичсэн бөгөөд уг ном Интерном номын дэлгүүрт худалдаанд гарсан. Номд өгүүлснээр "Одоогоос 150 жилийн буюу 1852 онд албан ёсны зөвшөөрөлтэй Америк иргэн Монгол газар зочлон ирж байсан нь Үндэсний архивын газрын сан нөмрөгт үлдсэн байна." Мөн Үндэсний архивын газраас  эдгээр болон бусад олон баримтыг дэлгэн харуулсан сонирхолтой үзэсгэлэн зохион байгуулсан.

Тус номд зориулан эрдэмтэн Жак Вийдэрфордын бичсэн Өмнөх үгийг бид хүргэсэн бол энэ удаад номын Оршил хэсгийг толилуулж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 5-р сарын 27, Ням гариг, 13:16 )